77 жилийн өмнөх хүн амины хэргийг өгүүлсэн роман утга зохиолын дээд шагналыг хүртлээ
Францын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Филипп Жаенадагийн “L’Inconnue du quai de Javel” буюу “Жавелийн эргийн үл таних эмэгтэй” роман хүртлээ.

Францын утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Гонкурын шагналыг зохиолч Филипп Жаенада хүртлээ. Түүний “L’Inconnue du quai de Javel” буюу “Жавелийн эргийн үл таних эмэгтэй” роман нь 77 жилийн өмнө Парист үйлдэгдсэн, өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй хүн амины хэргийг дахин судалсан бүтээл юм. Парисын “Drouant” ресторанд болсон шалгаруулалтын үеэр 62 настай Жаенада шүүгчдийн зургаан санал авч, гурван санал авсан зохиолч Сильвен Прюдоммыг ялжээ. Өмнө нь Гонкурын шагналд дөрвөн удаа нэр дэвшиж байсан тэрбээр карьерынхаа 13 дахь романаар анх удаа уг шагналыг хүртсэн байна.
77 жилийн өмнөх хэргийн хохирогч хэн байв? Романы гол дүр Луиз Кансо нь Францын Бретань нутгаас 16 настайдаа Парист ирж, гэрийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ. Улмаар зураач Жан-Луи Буссенгогийн хөрөг зургийн модель болж, Парисын Монпарнас дүүргийн уран бүтээлчдийн дунд танигдсан байна. Олон зураач, барималч түүнийг бүтээлийнхээ модель болгохыг хүсдэг байсан тул Кансог “Зуун хөрөгтэй эмэгтэй” хэмээн нэрлэдэг байв. Гэвч 1949 оны есдүгээр сарын 7-нд 29 настай Кансо учир битүүлгээр амиа алдсан байдалтай олджээ. Цагдаа нар түүний амь насыг хөнөөсөн этгээдийг тогтоож чадаагүй бөгөөд хэрэг олон арван жилийн турш тайлагдаагүй үлдсэн юм. Тухайн үеийн цагдаагийн байгууллагын 300 хуудас тайланд Кансог ёс суртахууны хувьд нэр хүнд муутай эмэгтэй хэмээн тодорхойлсон байжээ. Мөн хэвлэлүүд түүнийг биеэ үнэлдэг эсвэл хар тамхи хэрэглэдэг байсан байж болзошгүй хэмээн таамагласан ч эдгээр мэдээлэл батлагдаагүй юм. Жаенада романдаа хэргийн архив, мөрдөн шалгах ажиллагааны материалуудыг дахин судалж, сэжиглэж буй гэмт этгээдийн талаар өөрийн хувилбарыг дэвшүүлжээ. Үүний зэрэгцээ Кансогийн амьдралыг илүү бодитой дүрслэн, хохирогчийн нэр хүндийг сэргээхийг зорьсон байна.
Хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой маргаан 2026 оны Гонкурын шагналын шалгаруулалт зохиолч Тэлисон Орельений “C’était ça ou mourir” романыг хиймэл оюуны тусламжтай бичсэн гэх маргаанаар мөн анхаарал татаад буй. Шүүмжлэгчид Канад-Гаитийн зохиолчийн уг бүтээлийг бараг бүхэлд нь хиймэл оюунаар боловсруулсан хэмээн шүүмжилсний улмаас Гонкурын академи тус номыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан байна. Академи шийдвэрээ тайлбарлахдаа хиймэл оюуны хэрэглээний талаарх судалгаа, шинжилгээ болон өмнө нь илэрсэн зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг дурджээ. Харин Орельен романаа хиймэл оюунаар бичсэн гэх буруутгалыг няцаасан юм. Жаенадагийн хувьд 2013 онд хэвлүүлсэн “Sulak” романаасаа эхлэн олон жилийн өмнөх гэмт хэргийн бодит түүхийг судалж, уран зохиолын бүтээл болгохоор ажиллаж иржээ. Шинэ романаа бичихдээ зохиолч Жорж Сименоны мөрдөгч Мегрегийн тухай цуврал зохиолуудаас санаа авсан байна. Түүний бүтээл 2025 оны Гонкурын шагналт Лоран Мовиньегийн “La Maison vide” романыг залгамжлан Францын утга зохиолын дээд шагналыг хүртээд буй.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





