egov.mn
БоловсролАвтомат

Багш нарын цалинг 26%-аар өсгөх хугацаа айсуй: Төсвийн тодотгол батлагдаагүй байна

Засгийн газар багш нарын цалинг нэгдүгээр сараас 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар өсгөж, 3.5 сая төгрөгт хүргэхээр амласан.

Хуваалцах
Багш нарын цалинг 26%-аар өсгөх хугацаа айсуй: Төсвийн тодотгол батлагдаагүй байна

Багш нарын цалинг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын амлалт хэрэгжих хугацаа ойртож байгаа ч шаардлагатай санхүүжилтийг тусгасан төсвийн тодотгол одоогоор батлагдаагүй байна.

Засгийн газар багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сараас 50 хувиар, улмаар арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 26 хувиар нэмэгдүүлж, 3.5 сая төгрөгт хүргэхээр амласан. Уг тохиролцоонд хүрснээр өнгөрсөн онд орон даяар үргэлжилсэн багш нарын ажил хаялт зогссон юм.

Тухайн үед багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан 10 гаруй хоног ажил хаяж, төв талбайд суулт хийсэн. Багш нарын зүгээс бага цалин, ажлын өндөр ачаалал, анги дүүргэлт болон ажиллах орчны асуудлыг хүний нөөцийн голлох шалтгаануудын нэг гэж үзэж байв.

Цалин одоо хэд болсон бэ?

2026 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн 50 хувийн нэмэгдлийн дараа багшийн бодит цалин ажилласан жил, мэргэжлийн зэрэг, анги даалт, илүү цаг болон байршлаас шалтгаалан ялгаатай байна.

Шинээр ажиллаж буй багш нийслэлд анги даалт, илүү цаг, мэргэжлийн зэрэг зэрэг нэмэгдлийг тооцсоноор 2.9 сая төгрөг, аймагт 3.2 сая төгрөг, суманд 3.5 сая төгрөгийн цалин авч буй.

Харин 20 гаруй жил ажилласан туршлагатай багшийн цалин нийслэлд 3.5 сая төгрөг, аймагт 3.8 сая төгрөг, суманд 4.1 сая төгрөгт хүрч байна.

Цалингийн дараагийн нэмэгдлийг санхүүжүүлэхэд 670 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тооцож, төсвийн тодотголд тусгасан. Засгийн газар төсвийн зарим зардлыг хэмнэж, чөлөөлөгдөх эх үүсвэрийг багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулахаар төлөвлөж буй.

Гэвч төсвийн тодотголыг өргөн мэдүүлснээс хойш сар орчим хугацаа өнгөрсөн ч УИХ эцэслэн батлаагүй хэвээр байна. Арваннэгдүгээр сарын 1 хүртэл сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа нь цалингийн нэмэгдлийг товлосон хугацаанд хэрэгжүүлэх эсэх асуудлыг анхаарлын төвд оруулж байна.

56,800 багш боловсролын салбарт ажиллаж байна

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өнгөрсөн онд Монгол Улсын бүх шатны боловсролын байгууллагад 56,800 орчим үндсэн багш ажиллаж байжээ.

Үүнээс сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10,298, ерөнхий боловсролын сургуульд 39,126, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад 2,163, дээд боловсролын байгууллагад 5,266 багш ажилласан байна.

Статистикийн мэдээллээр сургуулийн өмнөх боловсролын нэг багшид дунджаар 25 хүүхэд, ерөнхий боловсролын нэг багшид 21 сурагч ногдож байгаа юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг авч эхэллээ
Боловсрол

Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг авч эхэллээ

Олон улсын шалгалтын оноог Элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг өнөөдөр 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

2 мин унших