“Эрдэнэс Тавантолгой” ХК Баялгийн санд ₮675 тэрбумыг төвлөрүүлнэ
Тус компани оны эхний есөн сард хоёр тэрбум ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлж, 1.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ийнхүү улсын болон орон нутгийн төсөвт 1.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний есөн сард 32.1 сая тонн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолсон байна. Борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өсч, орлого нь хоёр тэрбум ам.доллар, цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөгт хүрчээ.
Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэв.
Компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК он гарахаас өмнө “Чингис хаан үндэсний баялгийн сан”-д 675 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Нүүрс баяжуулах үйлдвэр 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ 2022 онд төслийг нь эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан Нүүрс баяжуулах үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс боловсруулж, 76 хувийн гарцтайгаар 3.3 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас хэрэгжүүлж буй “Олборлолтоос боловсруулалт руу” шилжих бодлогын хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг ашиглах нь уул уурхайн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөх, экспортын бүтцийг сайжруулахад чиглэж байна. Уул уурхайн салбарын орлого нь төсвийн санхүүжилт, баялгийн хуримтлалд чухал байр суурь эзэлдэг тул компанийн ашигт ажиллагаа, үйлдвэрлэлийн үр ашиг болон засаглалын өөрчлөлт нь улсын санхүүгийн тогтвортой байдалтай шууд холбоотой юм.
Нэг тонн нүүрсний өртгийг зургаан ам.доллароор бууруулжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага компанийн зардлыг бууруулах төлөвлөгөөг 2026 оны долоодугаар сараас хэрэгжүүлж эхэлснийг онцлов.
Арга хэмжээний үр дүнд нийт 604 тэрбум төгрөгийн зардал хэмнэж, нэг тонн нүүрсний өртгийг зургаан ам.доллароор бууруулсан байна.
Нүүрсний экспорт олон улсын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамааран өөрчлөгддөг тул олборлолт, тээвэрлэлт болон үйлдвэрлэлийн өртгийг бууруулах нь компанийн ашигт ажиллагааг хадгалахад чухал нөлөөтэй.
2027 оны эхний хагаст Хөрөнгийн Биржид бүртгүүлэх төлөвлөгөө “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын хүрээнд олон улсын аудитын BDO байгууллагаар санхүүгийн тайландаа аудит хийлгэж, хэвийн гэсэн дүгнэлт авчээ.
Аудитын дүгнэлт эцэслэгдсэн учраас компанийн хувьцааг Хөрөнгийн Биржид гаргах бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд 2027 оны эхний хагас гэхэд бүртгүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





