ХАА-н салбарын урамшууллын нийт дүнд ₮349.9 тэрбумын зөрүү гарчээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон төрийн урамшууллын үр дүнг хэмжих тодорхой шалгуур холбогдох журам, шийдвэрүүдэд тусгагдаагүйг сонсголын шинжээч дүгнэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал болон Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаасын хэрэгжилтийг хэлэлцэх ерөнхий хяналтын сонсголын үеэр шинжээчид дараах нэгдсэн дүгнэлтийг хийжээ.
Түүхий сүүний урамшууллыг 2020 оноос хуурай сүүний импортыг бууруулж, хүн амын сүүний хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор хэрэгжүүлсэн. Тэгвэл 2020-оос 2025 онд 63.4 сая литр сүү нийлүүлж, 47.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
Урамшуулал хэрэгжиж эхэлснээс хойш хуурай сүүний импортын өсөлтийн хурд саарсан ч импортын хэмжээ буураагүй байна. Мөн 63.4 сая литр сүүний нийлүүлэлтийг ямар түвшинтэй харьцуулан үр дүнтэй гэж үзэх шалгуур холбогдох журамд тусгаагүй тул бодлогын үр нөлөөг дүгнэх боломжгүй гэж шинжээч үзжээ.
Хүнсний ногооны урамшуулалд 2022-оос 2025 онд 39.3 тэрбум төгрөг зарцуулж, 4,320 иргэн, аж ахуйн нэгж хамрагдан 392 мянга гаруй тонн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Сангийн яам 2024 оны урамшууллын зарцуулалтад шалгалт хийхдээ тодорхой нэг аймгийн 75 сая төгрөгөөс дээш урамшуулал авсан 39 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулжээ. Шалгалтаар 22-т нь зөрчил илэрч, хураасан ургацын хэмжээнээс давсан шар манжингийн борлуулалт тайлагнан 1.3 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж дүгнэсэн байна.
Улаанбуудайн урамшууллын 35.8 хувийг 54 аж ахуйн нэгж авчээ
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих урамшууллыг 2008 оноос хэрэгжүүлж, 2025 он хүртэл давхардсан тоогоор 11,829 иргэн, аж ахуйн нэгжид 279.9 тэрбум төгрөг олгожээ.
Уг хугацаанд тариалсан талбай болон нийт хураасан ургац нэмэгдсэн ч Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нэг га талбайгаас авах ургацын хэмжээ буурсныг шинжээч танилцуулсан байна.
Түүнчлэн улаанбуудайн нийт урамшууллын 35.8 хувь буюу 100 орчим тэрбум төгрөгийг нийт тариаланчдын 1.2 хувьтай тэнцэх 54 аж ахуйн нэгж авжээ. Нээлттэй мэдээлэлд тулгуурласан шинжээчийн дүгнэлтээр нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж нийт 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан бол 30 аж ахуйн нэгж хуурамч бичиг баримтаар 562.2 сая төгрөгийн урамшуулал авсан гэж танилцуулав.
Ноосны боловсруулалт буурч, арьс ширний мэдээлэл зөрүүтэй гарчээ
Арьс, ширийг дотоодод боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой урамшууллын хүрээнд нийт 61.7 тэрбум төгрөг олгож, 10.6 сая ширхэг арьс, шир хамруулжээ. Гэвч шинжээчдэд ирүүлсэн материалд 2016 болон 2021 оны мэдээлэл байгаагүй аж.
Сангийн яамны мэдээллээр 2013-аас 2024 онд арьс, ширний урамшуулалд нийт 217.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Уг урамшууллын журамд мөн үр дүнг хэмжих тодорхой шалгуур тусгагдаагүй гэж шинжээч дүгнэжээ.
Хонь, тэмээний ноосыг дотоодод боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой урамшуулалд 2020-оос 2024 онд 20.7 тэрбум төгрөг зарцуулж, 73,148 малчин хамрагдсан байна. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллээр угаасан ноосны хэмжээ 2021 онд 3,600 тонн байсан бол 2025 онд 400 орчим тонн болж буурчээ.
Ноолуурын урамшуулалд 174.9 тэрбум төгрөг олгожээ
Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сард нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авах зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгосон ч уг арга хэмжээ нийт малчдын ноолуурыг хамарч чадаагүйг шинжээч танилцуулав. Тухайн үед зарим малчин ноолуураа кг тутмыг нь 51 мянган төгрөгөөр борлуулжээ.
Үүний дараа Засгийн газар нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгож, 2020 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 23-ны хооронд 203 мянган малчны дансанд нийт 174.9 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Гэвч уг арга хэмжээ зорьсон үр дүндээ хүрсэн эсэхийг хэмжих боломжгүй гэж шинжээч дүгнэв.
Урамшуулалд 349.9 тэрбум төгрөгийн зөрүү гарчээ
Шинжээчдийн судалсан долоон төрлийн урамшууллын нийлбэр дүн 630 тэрбум төгрөг болжээ. Харин ХХААХҮЯ есдүгээр сарын 23-ны ажлын хэсгийн хуралдаанд 2008-аас 2025 онд 979.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэж мэдээлсэн байна.
Ингэснээр хоёр талын танилцуулсан дүн 349.9 тэрбум төгрөгөөр зөрж байгаа бөгөөд зөрүүний шалтгааныг сонсголын үеэр тодруулах шаардлагатайг шинжээчийн танилцуулга харууллаа.
Шинжээчийн ерөнхий дүгнэлтээр төрийн урамшууллын хэрэгжилт нь тухайн салбарын асуудал бодитоор шийдвэрлэгдсэн эсэхээс илүүтэй урамшуулал олгох үйл явцад төвлөрч иржээ. Холбогдох журам, шийдвэрүүдэд үр дүнг хэмжих шалгуур, хэрэгжилтийн чиг үүрэг болон хариуцлагын тогтолцоо тодорхой бус байгаа тул зарцуулсан төсвийн хөрөнгө зорьсон үр дүнд хүрсэн эсэхэд нэгдсэн дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ

Дэлхийн дарсны зах зээлийн уналтыг сөрж, үйлдвэрлэлээ 10 хувиар өсгөж буй Токай
Дэлхийн дарсны экспорт 2025 онд хэмжээгээрээ 4.7 хувиар буурсан бол Унгарын Токай бүсийн үйлдвэрлэл 8-10 хувиар өсчээ.

Улаанбаатар-Хвасон хотууд үйлдвэрлэл, аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хвасон хотод “Samsung Electronics”, “Hyundai”, “Kia” зэрэг томоохон үйлдвэрлэгчээс гадна олон жижиг, дунд үйлдвэр төвлөрдөг.

“Эмээлт” эко парк ашиглалтад орсноор ₮1.7 их наядын орлого бүрдүүлнэ гэж тооцжээ
539 га талбайд байгуулах “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк бүрэн хөгжсөнөөр нийт 1.7 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 5,600 гаруй тогтвортой ажлын байр бий болгохоор тооцжээ. Паркийн дулааны цахилгаан станц болон бохир ус цэвэрлэх байгууламжид нийт 224.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 86.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, оруулсан хөрөнгийг 6.7 жилийн хугацаанд нөхөх боломжтой.

АНУ-ын шинэ журам Хятадын эм бэлдмэлийн компаниудын хувьцааны ханшийг өсгөжээ
АНУ Хятадын компаниудаас шинэ эмийн лиценз авах боломжийг хэвээр үлдээх журам хэлэлцэж буй тухай мэдээллийн дараа Хонконгийн биобэлдмэлийн компаниудын хувьцааны ханш огцом өслөө. “Hang Seng Biotech” индекс даваа гарагийн арилжаагаар 5 гаруй хувиар өссөн бол “Akeso”, “Sino Biopharmaceutical” компанийн хувьцааны ханш тус бүр 8 орчим хувиар нэмэгдэв. АНУ, Хятадын эмийн лицензийн хамтын ажиллагаа үргэлжилбэл Хятадын шинэ эм хөгжүүлэгч компаниудын олон улсын зах зээлд гарах боломжийг дэмжинэ.

Cyclic Materials Аризона мужийн Меса хотод газрын ховор элементийн соронз дахин боловсруулах анхны үйлдвэрийн шугамаа нээлээ
Cyclic Materials АНУ-д газрын ховор элементийн соронз дахин боловсруулах томоохон хүчин чадлыг нээж, дотоод нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд түлхэц өглөө 144,000 ам.фут талбайтай энэ байгууламж жилд 25,000 метр тонн бүтээгдэхүүн боловсруулж, MagCycle технологиор Mag-Xtract материал үйлдвэрлэнэ Үйлдвэрлэл эхэлснээр хаягдлаар гадагш урсах материал дотооддоо үлдэж, батлан хамгаалах эрсдэлийг бууруулах боломж нэмэгдэнэ

“Back to Starbucks”: Мянга гаруй кафег засварлаж, дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ
“Back to Starbucks” төлөвлөгөөний хүрээнд тус компани тусгай орчин, үйлчилгээний стандартыг сайжруулж байна. Сүүлийн есөн сарын хугацаанд 1,000 гаруй салбараа шинэчилж, нэг дэлгүүрийн борлуулалт 7.9 хувиар өсчээ. Богино хугацааны сурталчилгаанаас илүү хэрэглэгчийн өдөр тутмын туршлагыг сайжруулахад анхаарна.