Тод гэрлээс татгалзаж, бүүдгэр орчинд бодолдоо "тайван" автаж суух залуус
Таазны хурц гэрлийг унтрааж, ширээний ламп, дулаан өнгийн болон бүдэг гэрэл сонгох хандлага залуусын дунд сошиал медианаас интерьерийн орчин руу тархаж байна.

Орой гэртээ ороод хамгийн түрүүнд таазны том гэрлийг асаах нь олон хүний хувьд хэвийн дадал боловч залуу үеийн зарим хэрэглэгчийн хувьд эсрэгээр үйлдэл ажиглагдаж байна. Тодруулбал, залуу үеийнхэн өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх тод гэрлийн оронд жижиг ламп, дулаан өнгийн чийдэн, LED тууз, лаа болон тохируулгатай гэрэлтүүлгийг сонгох хандлага цахим орчинд “Big Light” буюу “том гэрэл”-ээс татгалзаж байна.
Түүнчлэн богино бичлэгийн “TikTok” платформ дээр “Big Light” гэсэн хаштагтай бичлэгүүдийн нийт хандалт 2025 онд 100 саяас давсан талаар “The Independent” мэдээлж байв. Контент бүтээгчид хурц таазны гэрлийг эмнэлэг, оффис шиг хүйтэн мэдрэмж төрүүлдэг хэмээн тайлбарлаж, оронд нь хэд хэдэн жижиг эх үүсвэр бүхий зөөлөн гэрэлтүүлгийг сонгох болжээ. Гэхдээ уг хандлагыг зөвхөн интерьерийн шинэ моод гэж тайлбарлахад хангалтгүй. Сүүлийн үеийн судалгаанууд залуусын суралцах орчин, дэлгэцийн хэрэглээ болон гэрэлд мэдрэмтгий байдлын талаар илүү тодорхой мэдээлэл өгч байна.
Хурц гэрэл хамгийн бага сонголт болжээ
2026 онд “Frontiers in Education” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд их сургуулийн оюутнуудаас суралцах орчных нь гэрэлтүүлгийн сонголтыг асуухад нийт оролцогчдын 85 хувь байгалийн гэрлийг илүүд үзжээ. Байгалийн гэрлийн дараа бүдэг болон тохируулж болдог гэрэлтүүлэг орсон бол хурц гэрэл хамгийн бага сонголттой байв.
Ялангуяа мэдрэлийн тогтолцооны онцлогтой буюу neurodivergent оюутнууд хурц гэрэл төвлөрөлд саад болж, стресс, цочрол болон мэдрэхүйн хэт ачаалал үүсгэдэг гэж бусдаас илүү олон удаа хариулжээ. Мөн тохируулгатай гэрэлтүүлэгтэй суралцах орчин хэрэгтэй гэж neurodivergent оюутнуудын 85 хувь, бусад оюутнуудын 73 хувь үзсэн байна.
Судалгааны үр дүн нь хурц гэрлээс татгалзах хандлага зөвхөн сошиал медиагийн гоо зүйн сонголт биш байж болохыг харуулж байгаа ч бүх залуу үе гэрэлд ижил мэдрэмтгий гэсэн үг биш.
Өдөржин дэлгэц ширтдэг үеийн нүд
Өөр нэг хүчин зүйл нь дэлгэцийн хэрэглээ байж болох юм.
2026 онд нийтлэгдсэн их сургуулийн оюутнуудын судалгаагаар оролцогчдын 80.4 хувьд дижитал төхөөрөмжөөс шалтгаалсан нүдний ядаргааны шинж тэмдэг илэрсэн байна. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 20 орчим байсан бөгөөд хамгийн түгээмэл шинж тэмдэгт толгой өвдөх, нүд хорсох болон нүд өвдөх багтжээ. Өдөр тутмын ухаалаг утасны хэрэглээ болон гялбаа зэрэг хүчин зүйл нүдний ядаргаатай статистикийн хувьд холбоотой байсан ч тус бүрийн нөлөө харьцангуй бага байсныг судлаачид онцолсон.
Өмнөх 10 судалгааны 2,365 залуу оролцогчийг хамруулсан системчилсэн тоймд өдөрт дөрвөөс таван цагаас удаан дэлгэц ашиглах нь дижитал нүдний ядаргааны шинж тэмдэг өндөр байхтай холбоотой гарчээ. Харин цэнхэр гэрэл шүүдэг дэлгэц, шил зэрэг шийдэл шинж тэмдгийг бууруулдаг гэх нотолгоо хангалтгүй байв.
Тиймээс дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн нь залуус яагаад бүүдгэр өрөөг илүүд үздэгийг дангаараа тайлбарлахгүй. Гэхдээ нүдний ядаргаа түгээмэл болсон орчинд гялбаа багатай, өөрийн хүссэн хэмжээнд тохируулж болох гэрэлтүүлэг сонирхох нэг шалтгаан болж болох юм.
Бүүдгэр гэрэл оройдоо ашигтай ч өдөржин харанхуй байх шийдэл биш
Хүний бие гэрлийг зөвхөн харахын тулд ашигладаггүй. Гэрэл нь унтах, сэрэх мөчлөгийг зохицуулдаг циркадиан хэмнэлд мэдээлэл өгдөг.
18-30 насны 116 хүнийг хамруулсан лабораторийн судалгаагаар унтахын өмнөх найман цагт ердийн өрөөний гэрэлд байх нь бүдэг гэрэлтэй харьцуулахад оролцогчдын 99 хувьд мелатонин ялгарч эхлэх хугацааг хойшлуулж, ялгарах хугацааг ойролцоогоор 90 минутаар богиносгожээ.
Оройн цагаар гэрлээ бүдгэрүүлэх физиологийн үндэслэл эндээс харагдана. Харин өдрийн турш хурц гэрлээс зайлсхийх нь өөр асуудал.
2025 онд 147 их сургуулийн оюутныг хамруулсан хяналттай туршилтаар өдрийн цагт гэрлийн нөхцөлийг өөрчлөх нь сэргэлэн байдал, анхаарал болон циркадиан хэмнэлд нөлөөлж байжээ. Тогтмол нэг түвшний гэрлээс илүү өдрийн цагтай уялдан өөрчлөгддөг гэрэлтүүлэг илүү эерэг үр дүн үзүүлсэн байна.
Тиймээс залуусын “том гэрэл”-ээс татгалзаж буй трендийг “гэрэлд дургүй болсон үе” гэхээс илүүтэй гэрэлтүүлгээ өөрсдөө удирдахыг хүсэж буй өөрчлөлт гэж харах боломжтой. Өдрийн байгалийн гэрэл, оройн дулаан бүдэг гэрэл, ажиллах үед тохируулж болох зориулалтын гэрэлтүүлэг гэсэн сонголт нэг хүчтэй таазны гэрлийг орлож эхэлж байна.
Интерьерийн зах зээлд ч уг өөрчлөлт ажиглагдаж байна. Дизайнерууд нэг таазны гэрлээр бүх өрөөг гэрэлтүүлэхийн оронд ширээний болон шалны ламп зэрэг хэд хэдэн эх үүсвэрийг хослуулсан “layered lighting” буюу давхарласан гэрэлтүүлгийг санал болгох болжээ.
Ийнхүү “Big Light”-ийг унтраах сошиал трендийн цаана гоо зүйн сонголт, гэрэлтүүлгээ өөрөө хянах хүсэл, мэдрэхүйн тав тух, дэлгэц давамгайлсан амьдралын хэв маяг зэрэг хэд хэдэн хүчин зүйл давхардаж байна. Харин шинжлэх ухааны судалгаагаар тод гэрэл өөрөө муу гэсэн дүгнэлт гараагүй. Хүний биед үзүүлэх нөлөө нь гэрлийн хүчээс гадна өнгө, хугацаа болон өдрийн аль үед ашиглаж байгаагаас шалтгаалдаг.
Холбоотой мэдээ

Бямба гарагт Ч:65, Ч:80, Ч:32Б чиглэлийн автобусууд өөр маршрутаар үйлчилнэ
Нийслэлд анх удаа шөнийн марафоныг есдүгээр сарын 26-ны бямба гарагт 17:00-23:00 цагийн хооронд зохион байгуулна.

TikTok-д 'moneymaxxing' чиг хандлага хүч авч, санхүүгээ оновчлох ба амьдралаа зэрэг 'макс' хийх яриа өргөжив
TikTok, мэдээнд 'moneymaxxing' тренд хүчээ авч, санхүү ба амьдралын тэнцвэрийн маргааныг хурцатгав SoFi-ийн долдугаар сарын 4,000 гаруй хүний судалгаагаар 72% нь гэр бүл, амралтад тулж зорилгоо…

Ганц бие хүмүүс амьдрахад хамгийн таатай 10 улсын жагсаалтыг Португал тэргүүлжээ
“DateAtlas”-ийн 2026 оны үнэлгээгээр Португал ганц бие хүмүүсийн болзоо, шинэ хүнтэй танилцах орчны үзүүлэлтээр 30 орноос тэргүүлжээ.

Болзохын тулд өр тавих залуус
АНУ-ын Z болон миллениал үеийн болзогчдын 17 хувь нь харилцааныхаа амьдралын хэв маягийг хадгалахын тулд өр тавьж байжээ.

Өглөө юу өмсөхөө ч шийдэж чадахгүй байх нь сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсний дохио юм
Өглөө ямар хувцас өмсөхөө сонгох зэрэг урьд өмнө төвөггүй гаргадаг байсан жижиг шийдвэр хүртэл хэцүү санагдаж эхэлсэн бол та сэтгэлзүйн хувьд туйлдаж эхэлсэн байж болзошгүй юм. Сэтгэлзүйчийн хэлснээр сэтгэлзүйн хувьд туйлдах нь тусдаа хам шинж биш, харин удаан үргэлжилсэн стрессээс үүдэлтэй бие, сэтгэлзүйн туйлдлын өмнөх анхааруулах шинж байж болно. Тиймээс стрессээс түр хугацаанд холдохоос илүүтэй түүнийг үүсгэж буй өдөр тутмын нөхцөлөөс алийг нь бодитоор өөрчилж болохыг тодорхойлох нь чухал хэмээн сэтгэлзүйч зөвлөж байна.

Шөнийн марафонтой, автомашингүй бямба гараг айсуй
Улаанбаатар хотод есдүгээр сарын 26-ны бямба гарагийг автомашингүй өдөр болгон зохион байгуулна. Энэ өдөр шөнийн марафон зохион байгуулах бөгөөд авто замын маршрут, зах, худалдааны төвүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай арга хэмжээ нь нийтийн тээвэр, унадаг дугуй болон явган зорчих хөдөлгөөнийг дэмжинэ.