Австралийн Нөөцийн банк бодлогын хүүгээ 4.85 хувьд хүргэж, инфляцийн эсрэг бодлогоо чангатгалаа
Есдүгээр сард инфляц 4.3 хувь болж өссөн нь төв банкны 2–3 хувийн зорилтот түвшнээс өндөр байна.

Австралийн Нөөцийн банк (RBA) инфляц өндөр байгаатай холбогдуулан бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 4.85 хувьд хүргэжээ. Энэ нь тус банк 2026 онд бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн тав дахь тохиолдол болж байна.
Төв банк инфляц зорилтот түвшнөөс өндөр хэвээр байгаа бөгөөд үнийн өсөлт цаашид эрчимжих эрсдэл нэмэгдсэнийг шийдвэрийн гол үндэслэл болгожээ.
Инфляц есдүгээр сард 4.3 хувьд хүрчээ
Австралийн хэрэглээний үнийн индекс есдүгээр сард жилийн өмнөхөөс 4.3 хувиар өссөн нь наймдугаар сарын дөрвөн хувийн өсөлтөөс эрчимжсэн үзүүлэлт бөгөөд гуравдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Австралийн Нөөцийн банк инфляцыг дунд хугацаанд 2–3 хувийн зорилтот хүрээнд тогтвортой хадгалахыг зорьж байгаа хэдий ч үнийн өсөлт төсөөлснөөс удаан саарч байгаа нь мөнгөний бодлогыг өндөр хүүгээр үргэлжлүүлэх шаардлага үүсгэжээ.
Эдийн засгийн өсөлт саарч байгаа ч хүүг нэмэгдүүлэв
Австралийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд жилийн өмнөхөөс 2.1 хувиар өссөн нь нэгдүгээр улирлын 2.5 хувийн өсөлтөөс саарсан үзүүлэлт юм.
Эдийн засгийн идэвх удааширч байгаа үед бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь өрхийн санхүүгийн дарамтыг өсгөх эрсдэлтэй.
Ялангуяа хувьсах хүүтэй орон сууцны зээлтэй өрхүүдийн сарын төлбөр нэмэгдэх, хэрэглээний зардлаа танах шаардлага үүсч болзошгүй. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн өртөг өсөх нь хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөх юм.
Хүү нэмэх шийдвэрийг зургаан гишүүн дэмжжээ
Бодлогын хүүг нэмэгдүүлэх саналыг төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн зургаан гишүүн дэмжсэн бол гурван гишүүн хүүг хэвээр үлдээх байр суурь илэрхийлсэн байна.
Энэ нь инфляцыг хязгаарлах шаардлага болон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгын хооронд бодлого тодорхойлогчдын байр суурь зөрүүтэй байгааг харуулав.
Төв банкны мэдээлснээр шатахуун, түүхий эдийн үнийн өсөлтөөс гадна хиймэл оюунтай холбоотой хөрөнгө оруулалтын эрэлт технологийн зарим бүтээгдэхүүний үнийг өсгөхөд нөлөөлжээ.
Иймээс Австралийн инфляцийн дарамт зөвхөн дотоодын хэрэглээ, эрэлтээс бус, олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс мөн хамаарч байгааг онцолсон байна.
Төв банк хүүг дахин нэмэх боломжийг үгүйсгэсэнгүй
Австралийн Нөөцийн банкны Ерөнхийлөгч Мишель Буллок инфляцыг бууруулахад шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Гэхдээ бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх нь одоогоор төв банкны үндсэн төсөөлөл биш гэдгийг тэрбээр тодотгосон байна.
Цаашид инфляцийн үзүүлэлт, эдийн засгийн өсөлт болон өрхийн хэрэглээний өөрчлөлт нь Австралийн мөнгөний бодлогын дараагийн шийдвэрт голлон нөлөөлөхөөр байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





