Мерседес багийн нисгэгч, 20 нас 68 хоногтой Кими Антонелли Формула 1-ийн хамгийн залуу дэлхийн аварга боллоо
“Мерседес” багийн Итали нисгэгч Кими Антонелли Мексикийн Гран Прид гуравдугаар байр эзэлснээр 20 нас 68 хоногтойдоо Формула 1-ийн дэлхийн аварга болжээ.

“Мерседес” багийн нисгэгч Кими Антонелли арваннэгдүгээр сарын 1-нд болсон Формула 1-ийн Мексикийн Гран Прид гуравдугаар байр эзэлж, энэ оны дэлхийн аваргын болзлыг хангалаа. Өдгөө 20 нас 68 хоногтой тэрбээр Формула 1-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болж, Германы нисгэгч Себастьян Феттелийн 16 жилийн өмнө тогтоосон амжилтыг шинэчилжээ. Энэхүү амжилтыг Олон улсын автомашины холбоо болон Формула 1-ийн албан ёсны мэдээллээр баталгаажуулав.
Антонелли мөн 1953 онд дэлхийн аварга болсон Альберто Аскаригаас хойш энэ цолыг хүртсэн анхны Итали нисгэгч боллоо. Тэрбээр улирлын дөрвөн уралдаан үлдээд байхад аваргын болзлыг хангасан бөгөөд Мексикийн уралдаанд есдүгээр байр эзлэхэд л түрүүлэх боломжтой байв. Гэвч гарааны дөрөвдүгээр байрнаас уралдаж, шагналын тавцанд гарч чадсан юм.
Уралдааны үеэр “Кадиллак” багийн Валттери Боттасын автомашины түдгэлзүүлэх систем эвдэрч, хамгаалалтын хаалт мөргөснөөр уралдааныг улаан тугаар түр зогсоожээ. Дахин эхэлсний дараа Антонелли “Феррари”-гийн Шарль Леклерийг гүйцэж, гуравдугаар байрт дэвшсэн байна.
Харин “Ред Булл”-ын Макс Ферстаппен уралдаанд түрүүлж, Формула 1-ийн карьерынхаа 74 дэх, Мексикийн зам дээрх зургаа дахь ялалтаа байгууллаа. Тэрбээр хоёрдугаар байр эзэлсэн Льюис Хэмилтоноос ердөө 0.799 секундээр түрүүлсэн бол Антонелли ялагчаас 4.006 секундийн хоцрогдолтой барианд оржээ.
Уралдааны дараа Антонелли сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй уйлж, багийнхандаа талархал илэрхийлсэн юм. Тэрбээр сүүлийн тойрогт сэтгэл нь хөдөлж, замаа харахад хүртэл хүндрэлтэй болсон тухай хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





