Дизелийн үнэ 70 хувиар өсөхөд АНУ Европоос стратегийн нөөцөө гаргахыг хүсчээ
АНУ Франц, Герман зэрэг Европын холбоотнуудаас стратегийн нөөц дэх дизель түлшээ зах зээлд гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсчээ.

АНУ-ын засаг захиргаа Франц, Герман зэрэг Европын холбоотнуудаас дизель түлшний стратегийн нөөцөө зах зээлд гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүссэн нь Вашингтон дизелийн экспортыг хязгаарлах боломжийг авч үзэж байгаа энэ үед АНУ болон Европын хооронд эрчим хүчний бодлогын шинэ хэлэлцээ өрнүүлэхэд хүргэв.
Ираны дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн тасалдал дизелийн үнийг эрчимтэй өсгөж байна. Америкийн Автомашины Холбоо буюу AAA-ийн мэдээллээр АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа 6.39 ам.долларт хүрсэн нь дайн эхэлснээс хойш 70 орчим хувийн өсөлт болжээ. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Европын орнуудыг хүлээсэн үүргээ биелүүлж, нийлүүлэлтийн тасалдлыг бууруулахын тулд нэмэлт түлшийг “нэн даруй” зах зээлд гаргахыг уриалсан байна.
Экспортын хориг Европын анхаарлыг татав Вашингтон Европоос нийлүүлэлт нэмэгдүүлэхийг хүсч байгаа ч нөгөө талд АНУ-ын дизелийн экспортыг хязгаарлах хувилбарыг хэлэлцэж байна. Трампын засаг захиргаа дотоодын түлшний үнийг бууруулах боломжуудын нэг болгон экспортын хязгаарлалтыг судалж буй бөгөөд Европын Холбоо ийм алхам хоёр талын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Милуоки хотод болсон Их 20-ийн худалдааны хэлэлцээний үеэр АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир Европын орнуудтай түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн байна. Харин Европын Холбооны худалдаа хариуцсан комиссар Марош Шефчович АНУ дизелийн экспортод хориг тавих алхам хийвэл Европын хувьд “гэнэтийн” шийдвэр болно гээд, эдийн засагт ноцтой үр дагавар авчирч болзошгүйг онцолжээ. Европын орнууд стратегийн нөөцөөс дизель гаргах эсэх талаар хэлэлцэж байгаа ч одоогоор нэгдсэн шийдвэр гараагүй байна. Нөөцөө бууруулах нь богино хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой ч Ираны дайн үргэлжилж, дэлхийн түлшний нийлүүлэлт тогтворгүй хэвээр байгаа үед Европ өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг давхар тооцох шаардлагатай болжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон стратегийн нөөц, экспорт болон үйлдвэрлэлийн хүчин чадлын зохицуулалтыг хэлэлцэх "Их долоо"-ийн уулзалтыг ирэх долоо хоногуудад зохион байгуулахаа өмнө нь мэдэгдсэн. Францын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр Макрон, Трамп нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр уулзахдаа дизелийн стратегийн нөөц гаргах асуудлыг тусгайлан хэлэлцээгүй аж.
Зах зээлийн хувьд Европ стратегийн нөөцөөс хэр хэмжээний түлш гаргах, АНУ экспортын хязгаарлалтын хувилбараа үргэлжлүүлэх эсэх нь гол анхаарал татаж байна. Эдгээр шийдвэр нь АНУ болон Европ дахь дизелийн нийлүүлэлт, улмаар тээвэр, үйлдвэрлэл болон хэрэглэгчдийн түлшний зардалд шууд нөлөөлөх юм.
Холбоотой мэдээ

Европын орнууд нөөцөөсөө түлш нийлүүлэх боломжийг хэлэлцэх зуур газрын тосны ханш 2%-аас илүү буурлаа
Европын холбооны гишүүн орнууд дизель түлш болон газрын тосны нөөцөөс зах зээлд нийлүүлэх боломжийг хэлэлцэж буй гэх мэдээллийн дараа газрын тосны ханш буурлаа.

Г.Дамдинням: Шөнийн цагаар автобензин худалдахгүй байгаа компаниудад торгууль ногдуулж байгаа
Монгол Улс сард дунджаар 75 мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг ч наймдугаар сард 54 мянга орчим, есдүгээр сард 62 мянган тонныг импортолжээ.

Аравдугаар сард 77-78 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалжээ
Монгол Улс аравдугаар сард нийт 260-270 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлохоор төлөвлөжээ. Үүнээс 200 мянга гаруй тонн нь өвлийн дизель түлш байхаар захиалгыг баталгаажуулж байна.

Ойрхи Дорнодын экспорт сэргэснээр газрын тосны ханш буурлаа
"Brent" төрлийн газрын тосны арванхоёрдугаар сарын фьючерс 1.09 хувиар буурч баррель нь 96.96 ам.доллар болсон бол WTI төрлийнх 89.24 ам.долларт хүрлээ.

"Машины банкаа заавал дүүргэх гэсэн хандлага шатахуун авах дарааллыг нэмэгдүүлж байна"
ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээ сар бүр 20-30 хувиар буурсан нь дотоодын нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж буйг албаныхан онцоллоо.

Хариуцлагатайгаар олборлосон алтаа Монголын компаниуд Швейцарын зах зээлд нийлүүлж эхэлжээ
Монголбанк, Швейцарын хариуцлагатай алт олборлолтын холбоо, үнэт металл цэвэршүүлэгч “Аргор Хераеус” компанитай хамтран шалгуур хангасан алтыг Швейцарын зах зээлд нийлүүлж эхэллээ.